Алтайн урианхай

Урианхай нар нь Монголын угсаатны бүлгүүд дотроос өнөөг хүртэл эртний шүтлэг, зан үйл, язгуур байдлаа авч үлдсэн ёстой л өвөрмөц ахуй соёлтой ард түмэн юм.

Алтайн Урианхайчууд өдгөө Монгол Улсын орчин үеийн ойлголтоор ойрад түмний нэг гол ястан билээ.

Алтайн Урианхайчуудын хэл яриа нь Ойрад аялгууны томоохон салбар аман аялгуу юм. Гадаадын олон жуулчид Баруун монголчууд тэр дундаа Алтайн Урианхайчууд аялан дуулах мэт тийм яруу эгшиглэнт, тайван хэллэгтэй хэлээр ярьдаг тухай дурссан байдаг.

Эртний монгол угсаатныг бүрдүүлэгч [ Эртний монгол аймгууд Нирун, Дарлиган гэсэн үндсэн хоёр аймгаас салбарлан гарсан гэж үздэг. Дарлиган [Төрөлх гэсэн үг] аймгийн тэргүүлэгч нь Урианхад, Нирун аймгийн тэргүүлэгч нь Хиад боржигон]–ийн нэг урианхадаас өнөөгийн Алтайн Урианхай хүртэл Урианхай түмний баялаг их түүх нь Монголын түүхийн салшгүй нэг салаа мөчир байсаар ирсэн билээ.

Урианхай нар нь нанхиад сударт “Улианга”, “Монголын нууц товчоо”-нд  Урианхай, “Судрын чуулган”-д  Урянкад [ урианхад] гэсэн хэлбэрээр тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Урианхай гэдэг үг нь Уриа-хан гэдэг хоёр үгнээс бүрдсэн гэдэгт сүүлийн үед олонх судлаачид санал нийлэх байдалтай болжээ. Үүнд:

Уриа-гэдэг нь уриа дуудлагын дуу

Хан – гэдэг нь эзэн гэсэн утгатай нэгтгэвэл уриан хаан -уриан эзэн буюу онгодын эзэн [ Бөө, бөөгийн эзэн тэнгэр] гэсэн утгатай бололтой хэмээн тайлбарласан байна.

Урианхай нарын тухай анх нанхиад сударт “Хятан гүрний үед түүний нийслэл Линхуан-Фу хотоос хойхно Хянганы нуруунд байрлаж байсан” гэж тэмдэглэсэн байдаг.

Урианхай нар 909,963 онуудад Хятанд бэлэг барьж, алба өргөж байсан ба “албыг алаг гөрөөсөөр өргөсөн” гэж тэмдэглэжээ.

Монголын түүхийн 1-р  ботид “Урианхай нар нь тэр үеийн түүхэнд Кумоси буюу Кумохи гэж тэмдэглэгдсэн монгол угсааны аймагт анхандаа багтаж явсан бололтой” гэж тэмдэглэсэн байна.

Үүнээс үндэслэн тооцож үзвэл Урианхай нар нь Жужан улсын үед Кидан аймагтай мөр зэрэгцэж оршиж Хянганы нурууны өвөр даган байрласан Кумоси аймагт багтаж байсныг үгүйсгэх аргагүй юм. Учир нь Кумоси нар түүхэнд Жужан гүрний үед анх нэр дурдагдаж эхэлсэн байдаг. / Кумоси гэдэг нь хүмүүс гэсэн үгийн хятад галигт оруулж дуудсан хэлбэр гэж үздэг/. Язгуур монгол аймгууд Хятан гүрнийг эсэргүүцэн туйлдуулж байх тэр үед Урианхай нар нь бусад монгол аймгуудын хамтаар хойт зүг нүүдэллэн Бурхан Халдун хавиар нутагласан хэмээн судлаачид үздэг. Монголын түүхийн алдарт түүхэн бичиг болох “Нууц товчоо”-нд “Хорилардай мэргэн Бурхан Халдуны эзэн Бурхан болгосон Шинчбайн Урианхайтай уулзахаар нүүж ирсэн ажээ” хэмээснийг үзвэл ХI ( 11-р) зууныг хүртэл Урианхайчууд нь Бурхан Халдунд нутаглан тэр нь улмаар Урианхайчуудын эзэмшил газар болоод байсан байна.

Үүнээс хойших үеүүд нь “Монголын нууц товчоо” болон бусад түүх шашдирт нэн тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Урианхайчууд ХII-р зууны үед Их гүрний бүрэлдэхүүнд багтаж Байгаль нуурын өмнөд талаар нутаглан амьдарч Аригбөхийн эзэмшилд байв.

Монголын “Нууц товчоонд” Урианхайчуудын тухай бусад Монгол овогтнуудаас олонтаа дурьдагдсан. Мөн Чингэсийн есөн өрлөгийн хоёр нь буюу Зэлмэ, Сүбээдэй нар нь Урианхай хүн байсан нь УРИАНХАЙЧУУД  Хамаг Монгол болон Их Юан улсыг байгуулахад  Монгол түмнээ оройлон оролцогчдын нэг нь болж төр улсаа байгуулах хийгээд түвшитгэн тохинуулахад хүчин зүтгэж байсны илрэл юм.

ХIY-р зууны эцсээр зарим хэсэг айл өрхүүд нь нүүдэллэн Байгаль нуур, Енисейн эхээр дайрч Монгол Алтайн нуруу, Эргүнэ хун мөрөн, Эмээл гал, Ил тарвагатай, Эрээн хавирга, Бор талын зэрэг газар орноо ирж суурьшсан хожмоо Алтайн болон Алтан нуурын урианхай хэмээн нэрлэгдэж Ойрад монголын бүрэлдэхүүнд багтаж Цоросын эрх баригчдад захирагдаж явжээ. Зарим хэсэг нь урд зүг нүүдэллэн Их Хянганы нуруунд очиж унаган нутагтаа суурьшжээ.

Одоогийн Монгол улсад Алтайн урианхай язгуур үндсээрээ мөн Урианхад, Жарчиуд урианхай, Аданхан урианхай, Зэлмэн урианхай , Тагнын урианхай хэмээн нэрлэгдэх хэсэг бүлэг урианхайчууд оршин суудаг.

Үүнээс: Тагнын урианхайгаас бусад нь Язгуур монгол урианхай аймагт хамрагдах урианхайчууд юм.

( Тагнын урианхайг түүхчид монголжсон түрэг аймаг гэж тэмдэглэж ирсэн боловч зарим судлаачид эртний монголын тэнгэр тахилгын ёсыг авч үлдсэн хэл соёлын хувьд саармагжсан монгол аймаг гэж үзэх хандлага бас байна).