Дуут сумын танилцуулга

1927 он хүртэл Урианхайн баруун амбаны дархан гүний хошуу гэж нэрлэгдэж байв. Хошууны сүүлчийн засаг ноёноор Жамьяанжав гүн захирч байжээ. 1927 онд ардын засгийн газраас засаг захиргааны нэгжийн өөрчлөлт хийх үед хошууны Ардын Бүгд Нийтийн Хурлаас хошууны нэрийг“Түвшин нуурын хошуу” гэж нэрлэн анхны хошуу даргаар Жожоо ноёны хүү Жамьяанжав гүний ах Урианхайн ИХ ХҮРЭЭНИЙ да лам Чүлтэмийг сонгожээ. 1942 оныг хүртэл тус сум нэрээ 2 удаа сольж байсан байна. 1942 оны 6-р сард БНМАУ-ын нутаг засаг захиргааны шинчлэлтээр Дуут, Булган, Дэлүүн хэмээн гурван сум болон хуваагджээ. 1942 оны 6 сард Дуут сум нь 10 багтай 408 мян га газар нутагтай, 3500 орчим хүн амтай, 600 орчим өрхтэйгээр Шивэрийн эхэн хужиртад 4 гэртэйгээр байгуулагджээ. 1942 оны 9 сард одоогийн байрлаж байгаа Босгын хавцлын эхэнд шилжин байршжээ. 1942 онд сумын анхны даргаар Дангаагийн Амгаа гэдэг хүн ажиллаж байв. 1956 оны 4 сард засаг захиргаа болон газар нутгийн зохион байгуулалтаар Дуут сумыг татан буулгаж 1, 8, 9-р багуудыг Буянт суманд, 2, 3, 4 –р багуудыг Манхан суманд, 5, 6, 7-р багуудыг Ховд суманд, 10-р багийг Мөст суманд шилжүүлжээ.

1942 оны 6-р сараас 1956 оны 4-р хүртэл 14 жилийн хугацаанд доорхи нэр бүхий хүмүүс тус сумын багуудын даргаар ажиллаж байв.

*1-р багийн даргаар: Нямын Самдан, Намхайн Цэндсүрэн, Осорын Аюуш

* 2-р багийн даргаар: Бадарчийн Доокоо, Содовын Самбарьд, Хөхийн Сэндэн, Аармагийн Чүлтэм.

3-р багийн даргаар: Таяын Гомбожав, Загдын Дамчаа, Нохойжигийн Очирбат, Пачгины Лхагва

* 4-р багийн даргаар: Дамартын Равдан, Даржаан Намнан

* 5-р багийн даргаар: Хөхийн Тавк , Даваан Чойрог, Чогломын Шарав, Үржиний Дамдин

* 6-р багийн даргаар: Галданы Балдан-Очир , Нянгарын Лхагва

7-р багийн даргаар: Жалцав, Бэгзийн Дондог, Бодонгийн Халтар,

* 8-р багийн даргаар:Жамбалпэлжээ, Чойжилжавын Чадараабал, Шагдарын Цэрэнпил, Даваагийн Сэнгээ

9-р багийн даргаар: Нанзадын Дагва, Нямын Самдан, Сономын Янпил, Дарханы Батхүү,

* 10-р багийн даргаар: Цагаадайн Цээрэв , Хөхийн Омбог, Шарманжийн Заграа,

Дуут сумын иргэд Намын төв хороо, Засгийн газар, АИХ-ын тэргүүлэгчдийн даргад олон удаа өргөдөл бичиж Ж.Жамьяанаар ахлуулсан хэсэг ирж газар дээр нь дүн шинжилгээ хийснээр “Социализмын зам” нэгдлийн гишүүдийн санал, газар зүйн байршил, хүн амын хүсэлт зэргийг үндэслэн сум байх зайлшгүй шаардлагатай гэж үзсэнээр 1959 оны 9-р сард хуучин 2,3,5,9-р багуудыг нэгтгэн Дуут сумыг дахин байгуулжээ.

Дуут сум нь:

Байгаль цаг уурын хувьд эрс тэс уур амьсгалтай. Өндөр уулын бүс нутагт хамаарагддаг.

Алтайн Аргаль, Янгир, Ирвэс, Шилүүс, Суусар, Мануул, Хойлог, Ятуу, Ахуун, Ёл, Тас болон 120 гаруй төрлийн  ан амьтан, жигүүртэн шувуудтай.

20 орчим гол горхи, 30 гаруй нуур цөөрөмтэй, усан судал сайн хөгжсөн, Нэвтийн рашаан амралт, Хөхбөөрөг, Харлаг хадны зэрэг элэг цөс, дотрын рашаануудтай.

 

Дуут сумын төв нь далайн түвшнөөс  2300 метрийн өндөрт орших бөгөөд улсын хэмжээнд хамгийн өндөр цэгт байрладаг суурингаар тодорхойлогддог. Сумын хамгийн өндөр цэг нь  Хөх хавцлын хяр 4015 м, хамгийн нам цэг нь  Цагаанбургасны Морин замын ам 1760 метр байна.

Тус сум нь Улаанбаатараас 1510 км, аймгийн төвөөс  67 км зайтай оршдог. Сум нь хойд талаараа Ховд аймгийн Ховд, Буянт сумуудтай, өмнө талаараа Мөнххайрхан, баруун талаараа Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Булган, зүүн талаараа Буянт, Манхан сумуудтай хиллэдэг.

Сумын төвд ЗДТГ, 12 жилийн сургууль, Хүн эмнэлэг, Хүүхдийн цэцэрлэг, Соёлын төв, АББ-ын гэгээрэл төв, Номын сан, ШТС, Мал эмнэлэг, Харилцаа холбооны салбар, ХААН, болон Төрийн банкны салбар, Цагдаагийн кабон, Нуман тамга ТББ, Хувийн мал эмнэлэг 3 нөхөрлөл, баруун бүсийн  эрчим хүчний салбар зэрэг байгууллага аж ахуй нэгж ажиллаж байна.

Дуут сумын  ард иргэд эртнээс нааш дуу хуур, урлаг спорт, ажил хөдөлмөрийн дайчин уламжлалтай бөгөөд  Ардын цолтон 2, Гавьяат нисгэгч 1, Гавьяат жүжигчин 2, Гавьяат уурхайчин 1, Төрийн соёрхолт 1, Улсын сайн малчин 2, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон 1, Алтан гадас одонгоор 12, Хөдөлмөрийн хүндэт медаль 9, Болор цомын эзэн 1, Төрийн албаны тэргүүний ажилтан 1, Архивын тэргүүний ажилтан 1, Соёлын тэргүүний ажилтан 6, Ардын авъяастан 18, Боловсролын тэргүүний ажилтан 11,  ахмад дайчин 13, улсын аварга малчин 3, аймгийн сайн малчин 23, Эрдэмтэн доктор профессор 17 , ЭМ-ийн тэргүүний ажилтан  3,  худалдааны тэргүүний ажилтан 4 ХХАА-н тэргүүний ажилтан 8, Эрчим хүчний тэргүүний ажилтан 1, Санхүүгийн тэргүүний ажилтан 1, Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан 1, Нийгмийн халамжийн тэргүүний ажилтан 1, Спортын мастир 2, Төр захиргааны аварга ажилтан 1, аймгийн Оюунлиг багш 1, аймгийн Шилдэг залуу удирдагч 1, аймгийн Саран ээж 1, аймгийн Оюунлиг ээж 1, Аймгийн Энэрэлт ээж 1, аймгийн Дархан 1, халамжит ээж 1, Улсын ноолуурын чанарын аварга 1, аймгын Арслан 2, Онц тээвэрчин 1, аймгийн Алдарт уяач 8-ыг  төрүүлснээрээ бид бүхэн бахархаж байдаг.